Бидний тухай
Цус судлалын тэнхим нь 6 багштайгаар төгсөлтийн, төгсөлтийн өмнөх болон дараахи сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүй гэсэн чиглэлээр мэргэжлийн өндөр түвшний үйл ажиллагааг явуулж байна. Цус судлалын тэнхим нь АУ-ны доктор, профессор багш Ц.Одгэрэл, АУ-ны доктор, дэд профессор багш А.Отгонбат, АУ-ны доктор О.Пүрэвжал, Н.Баялагмаа нар, АУ-ны магистр багш Н.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Учрал нар ажиллаж байгаагаас Н.Мөнх-Эрдэнэ нь Япон улсад мэргэжлийн чиглэлээр докторантурт суралцаж байна.
Нийт багш нарын 50% нь мэргэжлийн зэрэг цолтой. Үүнд: Профессор Ц.Одгэрэл, А.Отгонбат нар Монгол улсын зөвлөх зэргийн, О.Пүрэвжал тэргүүлэх зэргийн эмч байна. Цус судлалын тэнхимийн эмч багш нар нь АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгийн цусны өвчний оношилгоо эмчилгээ, цус сэлбэлтийн үйл ажиллагааг хариуцан, эмнэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Цус судлалын тэнхим нь төгсөлтийн өмнөх сургалтаас гадна, дотрын өвчин ба цус судлалаар резидентурын, магистрант болон докторантын түвшинд төгсөлтийн дараах сургалтыг АШУҮИС-ийн холбогдох сургууль, албадтай хамтран амжилттай эрхлэн явуулж байна. Цус судлалын тэнхим нь Монгол улсын хэмжээнд зонхилон болон ховор тохиолдох цусны эмгэгүүдийн оношилгоо эмчилгээний асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэнэ. Үүнд:
Цусны эмгэгийн үед нарийн мэргэжлийн чадварлаг багаар чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөх
УНТЭ, ШТЭ, УНХЭ, ТЗНЭ зэрэг түшиц эмнэлгийн эмч нартай нягт хамтран ажиллах, эмнэл зүйн туршилт судалгаа хийх, үр дүнг практикт нэвтрүүлэх
Цусны эмгэгийн оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн удирдамж, стандарт боловсруулан, хэрэгжүүлэх, хяналт тавих
Тэнхимийн түүх
1944 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетад Дотрын өвчин судлалын тэнхим байгуулагдсан цагаас эхлэн цусны эмгэгүүдийн талаар мэргэжлийн хичээл заагдаж эхэлжээ. 1958 оноос профессор Ч.Цэрэннадмид МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн багшаар ажиллаж эхэлсэн ба энэ үеэс Цусны эмгэг судлалын анхны мэргэжилтэн болж, уг мэргэжлийн тасаг, клиникийг үүсгэн байгуулжээ. 1973 онд Уушги-Цус судлалын тэнхим, 1998 оноос Дотоод шүүрэл-Цус судлалын тэнхим нэртэйгээр сургалт эрдэм шинжилгээний ажлаа явуулж байсан ба 2010-1-6-ны өдрийн Б-01 тушаалаар Цус судлалын тэнхим бие даасан мэргэжлийн тэнхим болсон. 1995 оноос Уушгины тэнхимийг тусад нь гаргаж, цусны хичээлийг 30 ортой цусны клиникт баазлан зааж эхэлсэн. 2000 онд анхны нарийн мэргэжлийн цус судлаач эмч нарыг хот аймгуудад бэлдэж эхэлсэнээс хойш уг сургалт тасралтгүй үргэлжилсээр өдгөө манай улсад 35 нарийн мэргэжлийн цус судлаач эмч ажиллаж байна.
Сургалтын үйл ажиллагаа
Хөтөлбөр
Төгсөлтийн өмнөх сургалт:
1. Хүний их эмч
Анагаахын суурь боловсролын дамжаа II – Дотрын онош зүй IA
Анагаахын III дамжаа- Дотор өвчний онош зүй IB
Анагаахын III дамжаа- Блок 2
Анагаахын IV дамжаа –Блок 3
Анагаахын VI дамжаа-Дадлагажигч эмчийн сургалт
Уламжлалт анагаах ухааны их эмч, зүү төөнө засалч,
Монголын Уламжлалт Анагаахын IV дамжаа- Цусны эмгэг судлал
Зүү төөнө засалын IV дамжаа- Цусны эмгэг судлал
Уламжлалт анагаах ухааны засалчийн III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
Шүдний их эмч
НАСС ангийн V дамжаа- Дотор өвчний эмгэг судлал
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
ЭМНА-III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
Био-Анагаах судлаач
Био-Анагаах судлаач III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
Эм зүйч
Эм зүйн II дамжаа-Дотор өвчний онош зүй
Төгсөлтийн сургалт:
Магистрын сургалт
Докторын сургалт
3. Төгсөлтийн дараах сургалт:
Дотрын үндсэн мэргэшлийн сургалт
Цус судлалын нарийн мэргэшил эзэмшүүлэх 6 сарын сургалт Мэргэжлийн нийгэмлэг холбоо болон сургалтын байгууллагуудтай хамтран богино хугацааны сургалтууд
Цус судлалын тэнхимийн бүтэц, бүрэлдэхүүн
Цогбадрахын Одгэрэл
Монгол улсын зөвлөх эмч, Цус судлалын тэнхимийн эрхлэгч, МЯЭ-ийн амбулторийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор
1993 онд АУИС-ийн Эмчилгээний факультетийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1999 онд АУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх Институтэд Дотрын эмчийн мэргэжил, 1995 онд Цус судлаач эмчийн мэргэжил эзэмшсэн. 1998, 2017 онуудад Солонгос улсад, 2004, 2005 онуудад БНХАУ-д, 2009, 2019 онд АНУ-д, 2019 онд цусны хавдар, цусны үүдэл эс шилжүүлэн суулгалт, цусны хавдрын бай чиглэсэн эмчилгээгээр, 2017 онд Казакстанд бодисын солилцооны ховор тохиолдох эмгэгийн оношлогоо эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
1993-1997 онуудад УГТЭ-ийн Уушги-Цус судлалын тасагт, 1997-2005 онуудад УНТЭ-ийн Цус, Дотоод шүүрэл судлалын клиникт цусны эмчээр, 1995 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн Цус судлалын тэнхимд дадлагажигч багш, багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгийн амбулаторийн эрхлэгч, АШУҮИС-ийн МЯЭ болон Төв эмнэлэгт цусны зөвлөх эмчээр ажиллаж байна.
Профессор Ц. Одгэрэл нь 1999 онд Дотрын эмчийн “Ахлах зэрэг”, 2004 онд “Тэргүүлэх зэрэг”, 2020 онд цусны эмчийн “Зөвлөх зэрэг”-ийг хамгаалсан. 1997 онд “ Эрүүл монгол хүний ялтсын тоо хэмжээг цус бүлэгнэлтийн бусад үзүүлэлттэй харьцуулан судалсан нь” сэдвээр АУ-ны магистрын зэргийг, 2009 онд Японы Жичигийн АУИС-д “Цочмог лейкемийн үед FLT3/ITD мутацийг чиглэсэн бай эмчилгээний шинэ чиглэл” сэдвээр Анагаах Ухааны докторын зэргийг хамгаалсан.
2010 – 2015 онуудад, АНУ-ын эрүүл мэндийн үндэсний төвд судлаачаар ажиллаж байсан. 2016 онд дэд профессор, 2020 онд профессор цол хүртсэн. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 15, үүнээс 5 нь Q1- зэрэглэлийн IF оноо бүхий сэтгүүлд нийтлэгдсэн, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 45 өгүүлэл хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээний нийт 90 орчим илтгэл хэвлүүлснээс 46 нь дотоодын, 33 нь гадаадын эрдэм шинжилгээний хуралд хэлцэгдсэн байна. Профессор Ц. Одгэрэл нь 2015 оноос хойш АУ-ны докторын – 4, магистрын 10 ажлыг удирдаж амжилттай хамгаалуулсан байна.
Алтангэрэлийн Отгонбат
Монгол улсын зөвлөх эмч, Цус судлалын тэнхимийн ахлах багш АУ-ны доктор, дэд профессор
1996 онд АУИС-ийн Эмчилгээний факультетийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1999 онд АУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх Институтэд Дотрын эмчийн мэргэжил, 2000 онд цус судлаач эмчийн мэргэжил тус тус эзэмшсэн. 2008, 2012 онуудад Солонгос улсад, 2016 онд АНУ-д, 2019 онд Австри улсад цусны хавдар, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
1996-2000 он хүртэл Архангай аймгийн НЭ-т хүлээн авах яаралтай тусламжийн болон дотрын эмчээр, 2001-2003 он хүртэл УНТЭ-ийн Цус, Дотоод шүүрэл судлалын клиникт их эмчээр, 2004 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн Цус судлалын тэнхимд багшаар, мөн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт цус судлалын кабинетийн эмчээр ажиллаж байна. Дэд профессор А.Отгонбат 2007 онд Дотрын эмчийн “Ахлах зэрэг”, 2012 онд “Тэргүүлэх зэрэг”, 2020 онд цусны “Зөвлөх зэрэг”-ийг тус тус хамгаалсан. 2015 онд БНХАУ-ын Тяньжин хотын АУИС-д “Архаг нейтрофилийн лейкемийн үүсэлд гранулоцитын клон сөдөөгч факторын рецепторын мутац нөлөөлөх нь” сэдвээр Анагаах Ухааны докторын зэргийг хамгаалсан. 2021 онд Дэд профессор цол хүртсэн. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 4, дотоодод 18 хэвлүүлсэн, илтгэл гадаадад 7, дотоодод 20 хэлэлцүүлсэн байна.
Отгонбаярын Пүрэвжал
Дотрын тэргүүлэх зэргийн эмч, Цус судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор
1996 онд АУИС-ийн Эмчилгээний ангийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1999 онд АУИС-ийн Мэргэшил Дээшлүүлэх Институтэд Дотрын эмчийн мэргэшил эзэмшсэн. 2002 онд гематолог эмчийн, 2019 онд трансфузиологич эмчийн мэргэшил олгох сургалтыг тус тус дүүргэсэн. 2008 онд Тайландын Бангкок хотын Цусны Төвд хүйтэн хэлхээний, 2009 онд БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгт цусны чиглэлээр тус тус мэргэшил дээшлүүлсэн.
1996-2011 он хүртэл Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт Хүлээн авах дуудлагын тасагт дуудлагын эмч, Дотрын 1-р тасагт дотрын эмч, Поликлиникийн тасагт дотор, цусны эмчээр ажиллаж байгаад, 2011 оноос одоог хүртэл АШУҮИС-ын Цус судлалын тэнхимд багшаар ажиллаж байна. 2011 оноос ИСНЭ-д дотор, цусны эмчээр, 2019 оноос одоог хүртэл АШУҮИС-ын Монгол Японы эмнэлгийн трансфузиологич эмчээр ажиллаж байна. 2005 онд Дотрын эмчийн “Ахлах зэрэг” 2010, 2020 онд Дотрын эмчийн “Тэргүүлэх зэрэг”-ийг тус тус хамгаалсан. 2018 онд Цусны донорын цус төлжилт, төмрийн нөөцийг судалсан дүн” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 2, дотоодод 12 хэвлүүлсэн. Илтгэл гадаадад 5, дотоодод 18 хэлэлцүүлсэн байна.
Нямаагийн Баялагмаа
Цус судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор
2007 онд ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2009 онд ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд Дотрын эмчийн мэргэжил, 2010 онд Цус судлаач эмчийн мэргэжил тус тус эзэмшсэн. 2010 онд БНХАУ-д, 2011 онд БНСУ-д, 2018 онд Казакстан улсад мэргэжил дээшлүүлсэн.
Н. Баялагмаа нь 2009 онд АУ-ны Магистрын зэрэг, 2017 онд БНСУ-ын Инжэ Их Сургуулийн АУС-д “Сереблон хамааралт митохондрийн үйл ажиллагааны алдагдал нь эмэнд тэсвэртэй түгмэл миелом үүсгэдэг” сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан. 2021 онд Дотрын эмчийн “Ахлах зэрэг” горилсон. 2008 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн Цус судлалын тэнхимд багшаар ажиллаж байна. Эрдэм шинжилжилгээний өгүүлэл гадаадад 7, дотоодод 6 хэвлүүлсэн ба илтгэл гадаадад 15, дотоодод 9 тус тус хэлэлцүүлсэн.
Нацагдоржийн Мөнх-Эрдэнэ
Цус судлалын тэнхимийн багш, АУ-ны магистр
Багш Н.Мөнх-Эрдэнэ АУС-ийн Цус судлалын тэнхимд 2013 оноос гэрээт багшаар, 2015-2018 онуудад дадлагажигч багшаар ажилласан.
“Бие гүйцсэн В эсийн зарим лимфомын хими эмчилгээний үр дүнг харьцуулан судалсан нь” сэдвээр АУ-ны магистрын зэргийг 2020 онд хамгаалсан. 2018-2020 онд Япон улсын Токай их сургуульд “Эмэнд тэсвэртэй лейкемийн эсүүд ба ясны чөмөгний бичил орчин, түүний молекул механизм, үнэлгээний аргууд”, “New generation sequencing-д суурилсан хавдрын генүүдийн илрүүлэг ба түүний чанарын гадаад хяналтын тогтолцоог бий болгох нь” зэрэг төсөлт ажлуудад зочин судлаачаар ажиллажээ. 2020 оноос Япон улсын Жичи Анагаах ухааны сургуулийн “Цусны үүдэл эсийн ген засварлах эмчилгээ”-ний чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
Нордогийн Мөнх-Учрал
Цус судлалын тэнхимийн багш, АУ-ны магистр
2014 онд ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2022 онд АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд Дотрын эмчийн мэргэжил, эзэмшсэн. 2017 онд АУ-ны Магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор АШУҮИС-ийн докторантад суралцаж байна. Багш Н.Мөнх-Учрал 2015-2017 онд АШУҮИС Био-Анагаахын сургуульд мэргэжилтэн, 2017-2018 онд АШУҮИС Анагаах ухааны сургуульд арга зүйч, 2018-2020 онд АШУҮИС Сургалтын бодлого зохицуулалтын газарт арга зүйчээр, 2020 оноос одоог хүртэл АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.