Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн сургалт зохион байгуулагдав.

ДЭМБ-аас “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ” сургалтыг АШУҮИС-ийн АУС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхим 2016 оноос хойш тасралтгүй 8 дахь жилдээ зохион байгуулж буй.

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөлд Архангай, Баянхонгор, Булган, Говь-алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Хэнтий аймгийн 57 сумын Эрүүл мэндийн төв, Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 21 Өрхийн эрүүл мэндийн төв хамрагдаж 74 мобайлын тоног төхөөрөмжийг авч, тоног төхөөрөмжийг ашиглах талаар нийт 160 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагджээ. Төслийн сургалтууд нь 10-р сарын 21-23, 28-30, 11 сарын 12-14-ний өдрүүдэд АШУҮИС-ийн Ботаник дахь Анагаах Ухааны Сургуулийн дээр зохион байгуулагдлаа.  

Сургалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар сургалтад хамрагдсан анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарт Мобайл тоног төхөөрөмж гардууллаа. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр мобайл технологийг ашиглан эмч нар өвчин, эмгэгийг эрт илрүүлэн, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалд шилжүүлж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болсныг дурдаад тус технологи нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн сургалт зохион байгуулагдав.