ЗҮРХ СУДЛАЛЫН АСТ-2026 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Зүрх судлалын тэнхим болон тус тэнхимийн дэргэдэх “Cardiologist” клуб хамтран зохион байгуулсан “Зүрх судлалын АСТ 2026” оюутны тэмцээн 2026 оны 1 сарын 10 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээний зорилго бол зүрх судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэгийг бататгах, ЭКГ уншиж, дүгнэх практик ур чадварыг хөгжүүлэх, мөн бие даан ажиллах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм. Тэмцээнд нийт 250 гаруй оюутан өргөнөөр оролцож, мэдлэг чадвар, авхаалж самбаагаа 4 үе шаттай сорин өрсөлдсөн нь зүрх судлалын сургалтын ач холбогдол, оюутнуудын идэвх оролцоог илтгэж байлаа. Үе шатууд дараах байдлаар зохион байгуулагдав. 
I шат Зүрх судлалын суурь болон онолын мэдлэгийг сорих тест
II шат Хэвийн ЗЦБ (зүрхний цахилгаан бичлэг) зөв уншиж, шинжлэх
III шат Эмгэг ЗЦБ-ийг дүгнэх
IV шат Асуулт, хариултын эцсийн шат
I шатны шалгалтад оролцсон 250 оюутнаас II шатанд 100, III шатанд 50, улмаар эцсийн шатанд 12 оюутан шалгарч мэдлэг ур чадварын өндөр түвшинд өрсөлдсөн юм.

Тэмцээний шагналт байранд дараах оюутнууд шалгарлаа:
Тэргүүн байр: АУС-ийн 323-р хэсгийн оюутан Д. Оргил
Дэд байр: АУС-ийн 312-р хэсгийн оюутан С. Пүрэвжал
Гутгаар байр: АУС-ийн 304-р хэсгийн оюутан А. Хэрлэн
Шагналт байранд шалгарсан оюутнууд явцын 70/70 оноо, медаль, өргөмжлөл болон гарын бэлгээр шагнагдсан нь тэдний хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж буй илэрхийлэл боллоо.

Мөн тэмцээнд оролцсон нийт оюутан бүрийн явцын дүн дээр +4 оноо, харин эцсийн шатанд шалгарсан оюутнуудын явцын дүн дээр +8 оноо нэмж олгосон нь оюутнуудын идэвхтэй оролцоог дэмжсэн бодит урамшуулга боллоо. Энэхүү тэмцээн нь зүрх судлалын сургалтыг уялдаатай, өрсөлдөөнт, урам өгсөн орчинд зохион байгуулах үр дүнтэй хэлбэр байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

ЗҮРХ СУДЛАЛЫН АСТ-2026 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.