АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Лабораторийн техникч” мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, технологи, салбарын хөгжлийн ирээдүйн төлөв, эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөтөлбөрийн агуулга нь лабораторийн техникч бэлтгэх болон лабораторийн салбарын олон улсын боловсролын чиг хандлагатай нийцсэн, хөтөлбөрийн эрүүл мэндийн салбар дахь шаардлага хэрэгцээ тодорхой, цаашид хэрэгцээ нь өсөн нэмэгдэх хандлагатай сургалтын хөтөлбөр юм. Хөтөлбөр хэрэгжүүлэгч АШУҮИС нь энэхүү хөтөлбөрөөр зохистой мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх боловсрол, мэргэжил, техникийн бүрэн нөөцтэй юм.

Лабораmорийн техникч мэргэжилтэн нь лабораторийн техникч мэргэжлээр дипломын боловсрол эзэмшсэн, эмнэлзүйн лабораторид хийгддэг үндсэн шинжилгээнүүдийг стандарт ажиллагааны зааврын дагуу гардан хийх, орчин үеийн шинжилгээний багаж тоног төхөөрөмжүүд дээр ажиллах мэргэжлийн ур чадвартай, биоаюулгүй ажиллагааг дагаж мөрдөх шаардлагууд болон мэргэжлийн ёс зүйг эзэмшсэн, энэрэнгүй үзэл, эерэг хандлага төлөвшсөн байна. Лабораторийн техникч мэргэжилтэн нь иммуногематологи, клиник хими, гематологи, иммунологи, микробиологи, молекул биологи цитотехнологич, гистотехнологич, гистотехникч зэрэг нарийн мэргэшлийн чиглэлээр мэргэшил эзэмшиж болдог. Хүн амын дундаж наслалт өсөхийн хэрээр удаан хугацааны хяналт шаардлагатай өвчин эмгэгийн тархалт өсөж, лабораторийн тусламж үйлчилгээний хэрэгцээ ихсэж байна. Мөн геномикс, протеомиксийн шинжлэх ухааны ололт дэвшил нь хувь хүний онцлогт тохирсон анагаах ухааны тусламж үйлчилгээ хөгжих үндэс суурь болж байна. Өндөр хүчин чадалтай, техник технологийн томоохон ололт нь анагаах ухааны оношилгоо, эмчилгээний менежментэд богино хугацаанд хэрэглээнд нэвтэрч байгаа бөгөөд шинэ технологийг нэвтрүүлэхэд өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн чухал үүрэгтэй.